Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнээ хамгаалъя, хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой!” гэж онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх суурь асуудлын нэг бол Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх явдал юм. Хүнс эрүүл байвал монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол Улс хүчирхэг байна. Тиймээс Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүнсний хангамж, эрүүл амьдрах хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангах явдал онцгой чухал асуудал болж байна.
Эзэн Чингис хаан нэгэнтээ “Чи бусдын хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмссөн тэр цагт бусдын боол болсон хэмээн бодоорой” гэж айлдсан байдаг. Бидний өвөг дээдэс өнө эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж, хоол хүнс, дээл хувцас, эд зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэж, бусдаас хараат бус оршин тогтнож ирсэн олон зуун жилийн түүхтэй.
Социализмын үеийн он жилүүдэд Монгол оронд аж үйлдвэрлэл эрчимжиж, мах, гурил, сүү, хүнсний ногоо зэргээр дотоодын хэрэгцээг хангаж ирсэн төдийгүй 1985 онд Хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтыг хэрэгжүүлж байсныг та бүгд мэднэ.
Өвөг дээдсийн сургаал, түүхэн туршлагаас харахад монголчууд бид монгол хүнсээр дотоодын хэрэгцээг хангаж үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж ирснийг илтгэж байна. Чаддаг байсан зүйлээ чадахгүй болно гэдэг хөгжил дэвшлээс ухарсан хэрэг юм. Үүнд анхаарлаа хандуулж, засч залруулах шаардлагатай.
Өнөөдөр дэлхий дахинд үүссэн нөхцөл байдал цар тахал, тээвэр логистикийн хүндрэл, ажилгүйдэл, ядуурал, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалан хүнсний хангамжийн асуудал улс орны нэн тулгамдсан асуудал болон хувирч байна. Цаашдаа дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн бодлогод томоохон эрсдэл учруулах хандлагатай байна.
Өнөөдөр дэлхийн зах зээлд хүнс болон бордооны үнэ сүүлийн 14 жилийн хугацаанд хамгийн өндөр хувиар өслөө. Үр тариа, ургамлын тосны үнэ сүүлийн саруудад огцом өсч, бага орлоготой иргэдийн амьжиргаа хүнсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна. Сүүлийн 15 сар дэлхийн зах зээл дээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ 43 хувиар, түүний дотор үр тарианы үнэ 56 хувиар өслөө. Гурван сарын хугацаанд бордооны үнэ 20 хувиар өссөн байна.
НҮБ-ын судалгаагаар дэлхийн 53 орны 190 сая хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орсон байна. 2020 онтой хаьцуулахад 40 сая хүнээр өссөн байна. Нөхцөл байдал энэ онд улам дордох төлөв хандлагатай байгааг олон улсын байгууллагууд анхааруулж байна. Хүнсний гол экспортлогч улс орон болох ОХУ, БНХАУ хүн амын хүнсний хангамж аюулгүй байдалд ихээхэн анхаарч байна.
Тухайлбал, иргэдийнхээ насжилт геополитикийн асуудлаас шалтгаалан БНХАУ-ын дотоодын хүнсний хангамжийн түвшин 2030 он хүртэл буурах эрсдэлтэй байгааг олон улсын байгууллагын судалгаа харуулж байна. Манай улстай эдийн засгийн бүтцээрээ ижил төстэй гэгддэг Казасктан улс гурил, үр тариа мах, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангадаг хэдий ч цаашид дотоодын хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч, үр тариа гурилын экспортоо хязгаарласан мэдээ бий.
Турк улсад сүүлийн 20 жил байгаагүйгээр инфляци өсч, 70 хувьд хүрсэн байна. Инфляцийн огцом өсөлтөд хүнс болон тээврийн үнэ голлон нөлөөлжээ. Манай стратегийн түнш болох Япон, Солонгос, Энэтхэг зэрэг улсууд хүнсний хангамждаа онцгой анхаарч эхэллээ. Ийнхүү дэлхий нийтээр онцгой анхаарч байгаа учраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдөр НҮБ, ОУВС, Дэлхийн банк, дэлхийн худалдааны байгууллагууд хамтарсан уриалга гаргаж, дэлхий нийтээрээ энэ асуудалд онцгой анхаарч, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг санууллаа.