ЗГ-ын өнөөдрийн (2022.09.14) хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, түүний харъяа байгууллхгуудыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа”-руу нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хангах, “Буянт-Ухаа Инновацын Төв” болгон хөгжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэхийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд үүрэг болголоо. “Буянт-Ухаа” бол Монгол Улсын техникийн соёлын түүчээ болсон олон зуун алтан гарт инженерүүдийн өлгий нутаг юм.
Монгол Улсад анх Нисэх хүчин үүсэж хөгжсөн 1925 оноос хойш нисэхийн салбарын хөгжлийн түүхэнд Монгол хүн сансрын уудамд нисэж, алтан гарт инженерүүд нь бага оврын агаарын хөлөг зохион бүтээж байсан сайхан түүхийг эргэн санаж, ирээдүйд Буянт-Ухаа-гаас шинэ үеийн Монгол инженерүүдийн ур ухаан, авьяас билэг шингэсэн, өндөр технологи, инноваци шил дараалан гарах нөөц, боломж бидэнд бүрэн дүүрэн байгаа билээ.
“Буянт-Ухаа” ОУНБ-ын барилга, байгууламжийн тодорхой хэсэгт “Буянт-Ухаа Инновацын Төв” байгуулагдсанаар цахим шилжилт, техник технологийн HUB болж хөгжихөөс гадна оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор гарааны компаниудаа Төрийн бодлогоор дэмжих, оюун санааны “Монгол Цахиурын хөндий”-г бүтээх шинэ үеийн инженер, техникийн ажилтнуудыг бодлогоор бэлтгэж, дэмжиж ажиллахад Цахим хөгжил харилцаа холбооны яам манлайлан ажиллах цаг үеийн хэрэгцээ, шаардлага ирэв. Мөн Иргэний нисэхийн салбарт хэрэгжиж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан 455 дугаар тогтоолд тусгагдсан “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлыг олон улс, орон нутгийн нөөц нисэх буудал, Ерөнхий зориулалтын нислэг, нисэхийн сургалт, захиалгат болон онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, онцгой байдлын нислэгүүд болон Олон улсын хүмүүнлэгийн тусламж, агаарын ачаа тээврийн үйл ажиллагаа, карго терминал зэрэг иргэний нисэхийн салбарын бусад үйл ажиллагааг хүндэтгэн, салбар хоорондын уялдааг дэвшилтэт шатанд гаргахад мөр зэрэгцэн хамтран ажиллахаа илэрхийлжээ.