УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлгүүдэд бэлтгэх ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа. Уг хуулийн төслүүдийн ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг, гишүүдээр нь Х.Булгантуяа, Б.Жавхлан, О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нарыг томилжээ. Ерөнхийлөгчийн санаачилсан уг хуулийн гол зохицуулалт нь стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашигладаг, ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банкаар гүйцэтгэдэг байх зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн орлогыг төв банкаар дамжуулах тухай хууль юм.
Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх мөн гадаад худалдаа, валютын урсгалыг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах, валютын зах зээлийн нэгдсэн платформтай байх зохицуулалт тусгагдсан юм.