Жүжигчин Б.Навчааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын гомдлоор яллагдагчаар татаад байгаа билээ. Тэгвэл дээрх асуудалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг хийлээ.
Тэрбээр ‘Сүүлийн өдрүүдэд надтай холбоотой олон гүтгэлэг явж байна. Үүний нэг нь 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг хуулиар зөвшөөрсөн этгээд гэж намайг нэрлэж байна. Гэтэл 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд тохиролцож орох асуудал нь 1926 оноос хойш үе үеийн Эрүүгийн хуульд хуульчлагдаж ирсэн заалт юм.
Би өмнөх хуулиудын ажлын хэсэгт багтаж байгаагүй. Үүнтэй холбоотой миний нэр төр, алдар хүндийг гутаах ажлыг зохион байгуулалттай хийж байгаа. Тухайлбал, өнгөрсөн сонгуулиар СХД-ийн 27 дугаар тойрогт надтай өрсөлдсөн нэр дэвшигчид энэ гүтгэлгийг зохион байгуулалттай хийсэн. Энэ ажлыг гардаж хийсэн хүний нэг нь жүжигчин Б.Навчаа. Би өөрөө эцэг хүн, охин хүүхдүүдтэй. Охин хүүхэдтэй хүнийг хүчиндэгч, 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд ордог гэж гүтгэх нь тухайн хүнд хэрхэн санагдах вэ.
Тиймээс миний сонгуульд ажиллаж байсан хуульчид жүжигчин Б.Навчааг хуулийн байгууллагад өгсөн. Энэ хэрэг одоо болтол шийдэгдээгүй, прокурорын шатанд байгаа гэх мэдээллийг өчигдөр /2020.12.14/ би авсан. Аливаа зүйл хэм хэмжээтэй байх ёстой. Огт оролцоогүй, санаачлаагүй, батлаагүй хуулийн төлөө гэр бүл, үр хүүхэд рүү минь дайрч байна’ гэлээ.