Улсын дээд шүүх 2019 оны улсын баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдод холбогдох хэргийг хэлэлцлээ. Давж заалдах шатны шүүх Э.Оюунболдын аварга цолыг нь хурааж, 2019 оны улсын баяр наадмаар түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгох шийдвэр гаргасан юм. Мөн барилдах эрхийг нь хоёр жилээр хассан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэг жил буюу 2020 оны долоодугаар сарын 12 хүртэл барилдах эрхийг нь хязгаарлах нь зөв гэж үзээд байсан юм. Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг хэвээр үлдээлээ. Өөрөөр хэлбэл, Э.Оюунболд аварга цолоо хураалгаж, 2021 оны улсын баяр наадам буюу Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор барилдах эрхтэй боллоо.
Дээд шүүх ийнхүү шийдвэрээ гаргаснаар Ерөнхийлөгч зарлиг гаргаж 2019 оны наадмаар Э.Оюунболдод унасан бөхчүүд цол, чимэг олгох юм. Ямар бөхчүүд цол, чимэг нэмэх вэ гэдгийг танилцуулъя.
Улсын начин Н.Мустафа
Тавын даваанд өвдөг шороодсон бөгөөд тухайн үедээ аймгийн арслан цолтой байлаа. Харин энэ жилийн наадмаар улсын начин цол хүртсэн учраас тэрээр чимэг нэмэх болж байна.
Улсын начин Б.Цэдэнсодном
Улсын начин цолны болзол хангаад байсан аймгийн арслан Б.Цэдэнсодном зургаагийн даваанд Э.Оюунболдод өвдөг шороодсон. Тэгэхээр улсын начин Б.Цэдэнсодномд улсын харцага цолыг нөхөж олгох юм байна.
Улсын харцага Д.Анар
Долоогийн даваанд Э.Оюунболд шинээр харцага цолны болзол хангаад байсан улсын начин Д.Анартай барилдсан. Тиймээс улсын харцага Д.Анарт улсын заан цол олгоно гэсэн үг.
Улсын арслан Ц.Содномдорж
Наймын даваанд Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржтой барилдсан. Гэхдээ Ц.Содномдорж нь улсын арслан цолтой бөх учраас ямар нэгэн цол, чимэг нэмэхгүй юм.
Улсын аварга Н.Батсуурь
Э.Оюунболд үзүүр, түрүүнд улсын аварга Н.Батсуурьтай барилдаж түрүүлсэн. Тиймээс улсын аварга Н.Батсуурь улсын даян аварга цолтой болох юм.