ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 9-ний 11.00 цагийн байдлаар нийт 13773 сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс Сovid-19 илэрлээ. Эдгээр нь ‘Ачтан’ эмнэлгээс халдвар авсан хүмүүсийн гэр бүлийнхэн, ‘Тэнүүн-Огоо’ голомттой хавьталтай ажиглалтанд байсан хүмүүсээс илэрлээ. ‘Ачтан’ эмнэлгийн 21 эмч, ажилчид халдварт өртсөн бол тэдгээрийн ойрын хавьтлын 24 хүн халдвар аваад байна. Баянзүрх дүүргийн мэдээлэл холбооны сүлжээ компанийн нэг хүн халдвар авсан нь тогтоогдож, тус газрын 10 хүнийг тусгаарлаад байна. Мөн ‘Family Med’ эмнэлгийн нэг ажилтнаас халдвар илэрч тусгаарлаад байна. Энэ эмнэлгээр үйлчлүүлсэн хүмүүс шинжилгээ өгөх шаардлагатай. Нийт 1260 хүн ойрын хавьтал хэмээн ажиглалтад байна.
Баянгол дүүргийн 5,6-р хороонд голомтын илрүүлэг шинжилгээг өчигдрөөс өргөн хүрээтэй зохион байгуулж байна. Тус дүүргийн 8539 хүний шинжилгээ авч 549 хүний шинжилгээ одоогоор гараад байна. Өнөөдөр, маргааш нийслэлийн шинжилгээ авдаг газрууд бүгд Баянгол дүүрэгт ажиллана. Гэр бүл дамжсан 3, 4 том голомт байна.
Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан 1408 тохиолдол бүртгэгдсэнээс зөөвөрлөгдсөн 408 тохиолдол байна. Эдгэрсэн 896, эмчлэгдэж байгаа 501 тохиолдлын дотор хөнгөн 352, хүндэвтэр 134, хүнд 12, маш хүнд 3 хүн байгаа. Мөн нутаг буцсан 9 хүн бий.
- Улаанбаатар хотод шинээр 13, нийт тохиолдол 584
- Сэлэнгэд нэмж илрээгүй, нийт тохиолдол 216
- Дорноговьд нэмж илрээгүй, нийт тохиолдол 32
- Орхонд нэмж илрээгүй, нийт тохиолдол 25
- Дархан-Уулд нэмж илрээгүй, нийт тохиолдол 45
- Говьсүмбэрт нэмж илрээгүй, нийт тохиолдол 4
- Архангайд нэмж илрээгүй, нийт тохиолдол 3
- Зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол нэмэгдэж нийт тохиолдол 408
-Баянзүрх дүүргийн голомт хяналтанд орсон уу?
-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн цөм голомтын үргэлжлэх хугацаа хяналтанд орсон. Цааш гинжин хэлхээгээр үргэлжлэн явагдаж буй хоёр дахь, гурав дахь голомттой холбоотой гэр бүлийн болон кластер халдварууд үргэлжилж байгаа. Эмнэлэгтээ холбоотой тухайн үед байсан хүмүүсийн халдвар тухайн цэгтээ хяналтанд орсон гэж иргэд ойлгох хэрэгтэй. Баянзүрх дүүргийн голомт бол маш том. Өнөөдөр л гэхэд 326 тохиолдол тус дүүргээс илрээд байна. Одоо гинжин хэлхээ нь үргэлжилж байна гэж үзэх ёстой.