Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өчигдөр /2021.02.08/ хуралдлаа. Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 11-ний өдөр тогтоох үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ түүний бэлтгэл ажил болон цаг үеийн бусад асуудлуудыг хэлэлцлээ.
Өмнөх долоо хоногийн дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдааны үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, тээврийн цагдаагийн албаны удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулжээ.
Мөн Улсын онцгой комиссоос гарсан хатуу хөл хориог тогтоох шийдвэрийн дагуу “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд иргэдийг богино хугацаанд хамруулахын тулд дүүргийн бүх төрийн албан хаагчид оролцох учиртай. Тиймээс дүүргийн 3655 төрийн болон төрийн тусгай албан хаагчдыг хоёрдугаар сарын 8, 9-ний өдөр 18.00-22.00 цагийн хооронд PCR шинжилгээнд хамруулах, хатуу хөл хорионы бэлтгэл ажлыг сайтар хангахыг харьяа хэлтэс, алба, тасгийн дарга нарт үүрэг өглөө. Мөн хорооны Засаг дарга нартай цахимаар хуралдаж хатуу хөл хорионы үед ажиллах заавар зөвлөмжийг дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын дарга Э.Ниндэв өгч ажиллалаа.