Өчигдөр Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөрийгөө галдан шатааж, амиа алдсан хэрэг гарсан. Цагдаагийн алба хаагч Б.Даваажав талийгаачийн амийг аврахаар хурдан шуурхай ажилласан ч харамсалтай нь чадаагүй. Түүнийг өөрийнхөө амийг үл хайхран талийгаачийг аврахаар оролдож буй бичлэг цахим орчинд тархаж, олон хүний бахархлыг төрүүлээд байгаа. Хүүгийнхээ энэ эрэлхэг үйлдлийн тухай түүний ээж цахим хуудастаа ийн бичжээ.
Тэрбээр ‘Хүүгээрээ бахархаж байна. Аварч чадаагүй ч гэсэн хичээсэн шүү дээ. Шатахуун биш байсан бол аварч болох байсан гэж бодож байна. Нөхөр бид хоёр хүүгээ БНХАУ-д дунд сургууль, Монголдоо их сургуульд сургаж, хятад хэлтэй эдийн засагч мэргэжилтэй хүн болгосон юм. Гэтэл миний хүү мэргэжлээрээ хэдхэн сар ажиллаад, ‘Би өөрийнхөө сонирхлоор явъя даа, аав, ээж хоёр минь’ гээд цагдаагийн алба хаагч болчихсон. Олон жил сургасан байхад мэргэжлээрээ ажилласангүй гээд бид хоёр их л дурамжхан байдаг байлаа. Өнөөдрийн үйл явдлыг хараад шатсан хүнд л харамсаж байв. Харин хүүгээ бол үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагч л гэж харсан. Өмнө нь хүний амь аварч л байсан юм, миний хүү. Энэ удаагийнх олны нүдэн дээр болсоноороо л арай өөр байх. Бид тийм ч сүртэй юм бодсонгүй. Гэтэл орой хүүгээ хиншүү хярвас үнэртүүлээд, дуу муутайхан гэртээ ороод ирэхээр нь л гэнэт өрөвдлөө бас бахархлаа. Цагдаа нар маань үргэлж л үүрэг гүйцэтгэж байдаг. Тэдний ажлын хүндийг ойлгох хэрэгтэй юм байна.
Хүү минь ‘Шатаж байгаа хүний хувцсыг тайлах боломж яагаад ч байхгүй юм байна’ гээд аавтайгаа ярьж сууна. Тэрхэн хооронд ‘Хувцасыг нь тайлчихвал’ гэж бодоод амжсан бололтой. Хайран залуу гээд их л харамсаж сууна. Миний хүүг Батбилэгийн Даваажав гэдэг хэмээжээ.