Шударга бусын хонгилоор оруулдаг прокуроруудын хэрэг нийгэмд илчлэгдэн задарсаар л байна. Хонгилын шүүгч, прокурорын буруутай үйл ажиллагааг эсэргүүцэж “Ноёд” группийн захирал Г.Буяндорж, түүний гэргий дуучин Т.Ариунаа нар прокурорын гадаа жагсч байв. Өмч хөрөнгөө булаалгаж хохирсон тэд шударга бусын хонгилыг нураах Үндэсний фронт байгуулж хохирсон, өмч хөрөнгөө дээрэмдүүлсэн иргэдийг шударга бусын хонгилыг нураах фронтдоо нэгдэхийг уриалж байгаа. Түүний өмнө хуулийнхны уулзалтын бичлэг задарч, өмгөөлөгч Б.Баасанцогтын цүнхнээс олны анхаарал татсан томоохон гэмт хэргүүдийн хувь заяатай холбоотой бүхэл бүтэн төлөвлөгөө гарч ирсэн гэгдсэн.
Улсын ерөнхий прокурорын газарт сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн хэргүүд болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагуудад шалгагдаж байгаа хууль, хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнуудтай холбоотой гомдол, мэдээлэл хэргийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх Ажлын хэсэг байгуулагдаж байна.
Ажлын хэсэгт дээрх хэрэг, гомдол, мэдээллийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх арга хэмжээг авч, танилцуулах, мөн гомдол, мэдээлэл гаргасан иргэдтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь хүлээн авах юм байна. Юутай УЕП-оос шударга бусын хонгилын прокурор, хуулийн байгууллагынхантайгаа тэмцэх ажлын хэсэг байгуулагдан иргэдийг хохироож буй асуудалтай тэмцэж эхэлж буй нь сайшаалтай байна.
Хонгилддог прокурор, хуулийнхны дуулианы үеэр прокурорын ангижавуудын шинэ сүлжээ задарч болзошгүй байна.
Улсын ерөнхий прокурорын орлогч Максимийн Чинбат, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Доржийн Энхтөр, МУИС-ийн багш Дамбадаржаагийн Янжинхорлоо нар их сургуулийн нэг ангийн найз нөхөд. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 1995 онд төгссөн энэ ангийнхны дунд шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, хууль эрх зүйн чиглэлийн багш нар олон бий. Тэдний нэг хэсэг нь эхнээсээ хонгил үүсгэсэн үү, нэгнийхээ хэрэгт оролцон, шийдвэр гаргасан уу гэх хардлага төрөхүйц нэгэн хэргийг дор өгүүлье.
Хуурамч гарын үсэг ашигласан хэргээр шалгагдсан хуульч Д.Янжинхорлоогийн хэрэг
МУИС-ийн багш, ирээдүйн мянга мянган хуульчдыг бэлтгэн сургаж буй ардын багш Д.Янжинхорлоо нь хуурамч гарын үсэг үйлдэн бусдын өмч хөрөнгийг завшсан байж болзошгүй гэх гомдлын дагуу хууль хяналтын байгууллагаар шалгагджээ. Тэрээр хуулийн салбарт танил тал, холбоо сүлбээтэй нэгэн. Д.Янжинхорлоо нь бусдын өмнөөс хуурамч гарын үсэг үйлдэж, энэхүү хуурамч гарын үсгээ ашиглан үл хөдлөхийн шинэ гэрчилгээ авахдаа Нотариатчдын танхимын ерөнхийлөгч Р.Онончимэгийг хууль бус үйлдэлдээ татан оролцуулсан гэх мэдээлэл байна.
6 давхрын обьектийн гуравдугаар давхар нь О гэх иргэний нэрэн дээр өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн албан ёсны гэрчилгээтэй байв. Гэтэл Д.Янжинхорлоо гэх хүн 2009 оны аравдугаар сарын 16-ны өдөр гарын үсгийг хуурамчаар үйлдэн жинхэнэ өмчлөгч нь нотиаратад биеэрээ очоогүй байхад гэрээг нь 83 тоот нотариатч М.Саранцэцэг баталгаажуулан, улмаар анхны Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулан Д.Янжинхорлоо өөрийн нэрийг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн байх юм. Удалгүй 20 хоногийн дараа 2009 оны арваннэгдүгээр сарын 11-нд гарын үсгийг дахин хуурамчаар үйлдэн мөн л нотариатын газар өөрийн биеэр очоогүй байхад нь хамтран өмчлөгчөөс хасах хэлцлийг 124 тоот нотариатч Р.Онончимэг баталсан байна. Ингэж гэрчилгээ эзэмшигч эзнийг нь мэдээгүй байхад нь өмчлөгчөөр өөр хүн нэмж бүртгүүлчихээд сар хүрэхгүй хугацаанд жинхэнэ өмчлөгчийг нь хасчихсан нь гэмт хэрэг мөн үү үгүй юу. Д.Янжинхорлоо нь Үл хөдлөх хөрөнгийн барьцааны эрх зүйн зохицуулалт сэдвээр докторын зэрэг хамгаалсан, хууль эрх зүйгээр мэргэшсэн хуульч хүн. Гэтэл хуурамч гарын үсгээр бусдын өмч хөрөнгийг булаасан уу гэх маргаанд оролцчихсон яваа нь тун харамсалтай.
Д.Янжинхорлоогийн үйлдсэн хуурамч гарын үсэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тоот дүгнэлтээр “О-гийн гарын үсэг, бичгийн хэвтэй тохирохгүй, гарын үсэг биш байна” гэдэг нь тогтоогдчихсон. Гэтэл прокурорын байгууллага буюу түүний прокурор ангийн найз нөхөд нь үзэхдээ “Хуурамч бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжтэй ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн залилан хийсэн байх магадлал бүхий талд орж хэргийг хаажээ.
Хохирогч талууд өөрсдийн нэр дээрх өмч хөрөнгө бусдынх болж буйг анх мэдээ ч үгүй байв. Энэ тухай мэдсэн цагаас хуулийн байгууллагад хандаж гомдол, зарга үүсгэхэд нь прокурорын байгууллагаас хохирогч талын баримт болон хуурамч гарын үсэг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг үл хэрэгссэн нь нэг ангийнхны хуульчдын “хонгил” үйлчилсэн үү гэх хардлагыг төрүүлж байна.
УЕП-ын орлогч М.Чинбат ангийн найз Д.Янжинхорлоогийн хэрэг дээр хариу тоот гаргав
Залилангийн шинжтэй эдгээр хэрэгт Д.Янжинхорлоогийн ангийн анд Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Д.Энхтөр, Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат нар оролцож шийдвэр гаргалтад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй юм. Үүний нэгэн баримт нь гэхэд Улсын прокурорын орлогч М.Чинбат энэ хоёрдугаар сарын 9-ний өдөр № 1/368 тоот тушаал дээр “Д.Янжинхорлоогийн үйлдэл эд хөрөнгийн өмчлөлд шинээр өмчлөгч нэмэх, хасах хэлцлээс үүссэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиилагааны журмаар шийдвэрлэгдэх асуудал, Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, прокуророос хэргийг хааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа тул гомдлыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргаж байна” гэсэн дүгнэлтээс харж болно.
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Д.Энхтөр, Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Р.Онончимэг, Хууль зүйн сургуулийн багш, доктор Д.Янжинхорлоо, Нийслэлийн прокурорын газрын хэлтсийн дарга И.Хүдэрцэцэг, Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор З.Энхжаргал, Сүхбаатар дүүргийн прокурор Т.Жавхлантөгс нарын хөндлөнгийн нөлөө оруулахгүйгээр хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх талаар арга хэмжээ авч өгөхийг хохирогч талаас УИХ-ын байнгын хороодод хандсан албан бичгээс нь харж болно.
УЕП-ын орлогч М.Чинбат тэргүүтэй цааш задрах ангижавуудын хуульчдын “шинэ хонгил” үүссэн үү, үгүй юу? Энэ нь шалгалтаар тогтоогдох биз. Юутай ч хуульчид ангийн найз нөхдийнхөө хэрэгт оролцож шийдвэр гаргасан нь ёс зүйн хувьд болон хууль эрх зүйн хувьд хуулийн зөрчилтэй болж байна.