Тэрүнофүжи озэки Г.Ган-Эрдэнэ Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ холбогдох байгууллагуудад хүргүүлсэн талаар Японы хэвлэлүүд мэдээлжээ. Тэрбээр харү башёд түрүүлж, Лхагва гаригт /2021.03.31/ озэки цолоо эргүүлэн авсан юм.
Өдгөө 29 настай Г.Ган-Эрдэнэ зодог тайлсныхаа дараа Исэгахама дэвжээндээ ояката болж үлдэх бодолтой байгаа аж. Үүний тулд зайлшгүй Японы иргэншил авах шаардлагатай болно. Монгол Улс нь давхар иргэншлийг зөвшөөрдөггүй тул Японы иргэн болохоос өөр аргагүй юм.
Түүний хувьд озэки цолоо эргүүлэн авахад нь чухал үүрэг гүйцэтгэсэн багшдаа хүндэтгэл илэрхийлж, япон нэрээ Исэгахама оякатагийн жинхэнэ нэр болох Сүгиномори болгохоор төлөвлөжээ.
Тэрүнофүжи 18 настайдаа Монголоос Ичиножо болон бусад бөхчүүдийн хамт Японд ирсэн байдаг. Тэрбээр Японд 10 гаруй жил амьдарсан тул иргэншил авахад хүндрэл учрахгүйг эх сурвалжийн мэдээнд дурджээ. Одоогийн байдлаар мэргэжлийн сумод Томозүна, Такасаго хоёр дэвжээг монгол ояката нар эзэмшиж байна. Тэрүнофүжигийн хувьд иргэншлээ сольж буй Монголын найм дахь сүмоч болох гэж байна.