Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди коронавирусний вакцинд аль болох олон хүн хамруулах зорилгоор энэ сарын 11-14-ний өдрүүдэд “вакцинжуулалтын баяр” зохион байгуулахыг уриалжээ.
“Жиотирао Пулегийн мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг дөрөвдүгээр сарын 11-нээс Бабасахеба Амбедкарын төрсөн өдөр болох дөрөвдүгээр сарын 14-ны хооронд “Тика Утсав”-ыг /вакцинжуулалтын баяр/ зохион байгуулахыг уриалж байна” гэж тэрбээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
“Вакцинжуулалтын баярын үеэр аль болох олон хүнийг вакцинд хамруулахын тулд хүчин чармайлт гаргах ёстой. Залуучууд 45-аас дээш насны бүх хүнд вакцин хийлгэхэд нь туслах ёстой” гэж Моди хэллээ. Энэтхэгт шинээр бүх нийтийн хорио цээрийн дэглэм зарлах шаардлага одоогоор байхгүй байгаа ч өвчлөл нэмэгдэж байгаа газруудад хөл хорих цаг тогтоож, хамгаалалтын бүсийг бий болгох, түүнчлэн хүн амыг шинжилгээнд идэвхтэй хамруулах шаардлагатай байна гэж Ерөнхий сайд мэдэгджээ.
“Одоо илүү олон тохиолдол шинж тэмдэггүй болж байна. Тиймээс урьдчилан сэргийлэх шинжилгээ маш чухал” гэж Энэтхэгийн Засгийн газрын тэргүүн цохон тэмдэглэсэн байна.
Жиотирао Говиндрао Пуле (1827-1890) бол Энэтхэгийн кастын тэгш бус байдал, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, Махараштрагаас гаралтай зохиолч юм. Бхимрао Рамжи Амбедкар (1891-1956) нь Энэтхэгийн хуульч, эдийн засагч, нийгмийн ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэгч бөгөөд тус улсын Үндсэн хуулийг бичилцсэн хүмүүсийн нэг ажээ.
Энэтхэгт вакцинжуулалт нэгдүгээр сарын 16-нд эхэлжээ. Вакцин хийлгэсэн нийт хүний тоо одоогоор төлөвлөсөн үзүүлэлтээс хоцорсоор байна. Энэ оны долоодугаар сар гэхэд дор хаяж 300 сая хүнийг вакцинжуулна гэж тус улсын эрх баригчид урьд нь мэдэгдсэн юм. Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, пүрэв гаргийн байдлаар дөнгөж 90 сая хүн вакцинд хамрагджээ.