Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд эдлээгүй ялынх нь 25 хувь буюу 2,5 жилийн ялыг хөнгөлөх уучлал үзүүлжээ. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохоос өмнө уучлал үзүүлсэн бөгөөд Б.Махбалд эдлээгүй ялынх нь хугацаанаас 25 хувийг нь хасч, уучлал үзүүлсэн. Олон нийтийн сүлжээнд яригдаж байгаа шиг уучилж, сулласан зүйл байхгүй” гэдгийг хэллээ.
Б.Махбал нь ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг 2018 оны наймдугаар сарын 9-нд хөнөөсөн юм. Хүний амь хөнөөсөн хэргээр шүүхээс 11 жилийн ял авсан Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал нь 11 удаа хойшилж байв. Түүнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хугацаагаар хорих ял оноож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр 2020 оны тавдугаар сарын 15-нд шийдвэрлэж байв. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр /2020.08.20/ Б.Махбалд оноосон ялыг хоёр жилээр хөнгөрүүлсэн юм.