Засгийн газар ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
Тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан, бямба гарагт Замын-Үүд боомтод ажилласан. Улмаар Засгийн Газрын ээлжит бус хуралдаан хийж, тодорхой үүрэг чиглэл өгсөн юм.
Үүний дагуу, ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг боомтод ажиллаж, нэр бүхий зургаан алба хаагчийг ажлаас нь чөлөөлж, түр саатуулах арга хэмжээ авсан. Засгийн газрын өнөөдрийн хурлаар цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн.
БНХАУ-ын талаас Замын-Үүд дэх ариутгалын төхөөрөмжийг сайжруулах зэрэг шаардлага тавьж байгаа. Үүнтэй холбоотой зарим үүрэг, чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд өнөөдөр өгсөн.
Мөн Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулахтай холбоотой нэмэлт хөрөнгийг Засгийн газраас баталсан. Тодруулбал, Замын Үүд боомтын дулааны цахилгаан станцын нэмэгдэл санхүүжилтийг шийдвэрлэсэн.
Түүнчлэн чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Замын Үүдийн чөлөөт бүс энэ зундаа багтаж нээлтээ хийж, 2026 онд бүрэн бүтээн байгуулалтаа хийхээр болсон.
Хоёрдугаарт, УОК-иос цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээнийхээ талаар танилцууллаа. Экспортын боомтуудтай орон нутаг одоогийн мөрдөж байгаа хатуу хөл хориог хэвээр мөрдөх чиглэл өглөө. Баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдийг хөдөөгүүр амарч зугаалахыг зөвшөөрлөө. Гэхдээ
- Таваас дээшгүй хүнтэй аялах боломжтой,
- Гэр бүлийн гишүүдээс нэг хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах,
- Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэдээс шинжилгээ авахгүй
- Таваас дээш настай хүүхдээс шинжилгээ авахаар болсон” гэлээ.
Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “2021 оны долдугаар сарын 17-нд орон нутгийн халдварын тоо өдөрт 1300 бүртгэгдэж, эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо 20 хувиар нэмэгдэнэ хэмээн ХӨСҮТ-өөс тооцоо судалгаа гаргасан. Тиймээс УОК-оос иргэдийг хот орчмын амралтын газруудад үйлчлүүлэхийг зөвлөж байна. Учир нь эдгээр нь НЗДТГ-тай хариуцлагыг гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. 0-18 насны 27480 хүүхэд өвчлөөд байгаа ба нийт тохиолдлын тоо 27 хувийг эзэлж байна. Тиймээс аялж байгаа гэр бүлээс түүврийн аргаар таваас дээш насны хүүхдүүдээс шинжилгээ авна. Гэр бүлээрээ болон найз нөхдийн хүрээнд буюу аяллын багийн гишүүдийн тоог таваас хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна.
Аяллаар явж байгаа иргэд суурин газраар орохгүй байх хэрэгтэй. Харин шатахуун, хүнс, эмийн сан, эмнэлгийн тусламж, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ авах тохиолдолд л орж болно” гэв.
Түүнчлэн аймаг сумд өөрсдийн дураар хил, хөдөлгөөнөө хаахыг хориглосон талаар мөн мэдээлэв. Тодруулбал, хязгаарлалтын хугацаа нь үе, шаттайгаар дуусаж байгаа 13 аймгийн 100 гаруй сум бий. Эдгээр сумд хөл хорионы дэглэмийг дур мэдэн сунгахыг хоригложээ.