Дэлхий нийтэд тархсан Covid-19 цар тахлын эрсдэлтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу урьдчилан сэргийлэх, хамгаалах дэглэмийг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хот, аймаг сум сууринаас орох, гарах хөдөлгөөнд хяналт тавих болон гадаад улсаас татан авах иргэдийг тусгаарлан ажиглах цэг, бүсэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн үүрэг гүйцэтгэсээр байна. Монгол Улсын Шадар сайдын дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаар тушаалаар Цагдаагийн байгууллагад хуваарилсан 108 сая төгрөгөөр цар тахлын хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн 353 алба хаагчдыг шагнаж, урамшуулсан байна.
Мөн гадаад иргэдийн тусгаарлах байрны хамгаалалтад ажилласан 240, гадаад улсаас татан авсан Монгол Улсын иргэдийн хамгаалалтад ажилласан 684, нийт 924 алба хаагчдад үндсэн цалин болон хоолны зардлаас гадна ажилласан хоногийг харгалзан 50.000-600.000 төгрөг буюу нийт 203 сая төгрөгийг урамшууллыг олгохоор бэлтгэл ажлыг цагдаагийн байгууллагаас хангаад байгаа юм байна.