Дэлхийн улс орнуудад иргэдээ шинжилгээнд хамруулсан үзүүлэлтийг тухайн орны нэг хүнд ногдох ДНБ-тэй харьцуулсан судалгааг ЭМЯ-наас танилцууллаа.
Улс орнуудын шинжилгээнд хамрагдсан иргэдийн тоон мэдээллийг харахад тухайн орны ДНБ-ий хэмжээтэй шууд хамааралтай буюу ДНБ-ий хэмжээ өсөх тусам хүн амаа шинжилгээнд хамруулах хувь өссөн дүр зураг харагдаж байгаа аж.
Монгол Улс 2020 оны 3 дугаар сараас хойших хугацаанд 1000 хүн тутмаас 211 хүнд PCR шинжилгээ хийсэн гэсэн тооцоолол гарчээ. Энэ нь ДНБ ойролцоо улсуудынхтай харьцуулахад өндөр үзүүлэлт болохыг ЭМЯ-ны 16.00 цагийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн тархвар судлаач Б.Цолмон онцлов. Дээрх үзүүлэлтээр манай улс БНСУ, Япон улсынхаас илүү олон тооны хүнийг шинжилгээнд хамруулсан байна.
Зарим судлаач “Нэг өрх-нэг шинжилгээ” аргачлалыг манай улсад хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн шаардлага тавьж буй. Тэгвэл уг шинжилгээний аргачлалын сул талыг мөн тайлбарлав. “Нэг өрх-нэг шинжилгээ”-г нэг удаа хийснээр тухайн агшинд халдвар ямар байгааг л харуулдаг. Дэлхийн улс орнуудын туршлагаас үзвэл, энэхүү шинжилгээг хэдэн удаа давтан хийж байж үр дүн нь гардаг. Тэгэхээр тулгардаг асуудал нь иргэд давтан оролцоход таатай ханддаггүй, хоёр дахь шинжилгээнээс иргэдийн хамрагдалт багасдаг байна.
Түүнчлэн богино хугацаанд хүн амыг шинжилгээнд хэрхэн хамруулах вэ гэдэг асуудал үүсдэг бөгөөд оношлуур, урвалж, хүний нөөц, санхүүжилт гээд зардал ихтэй. Мөн лабораторийн чанга хатуу дэглэмийн дор шинжилгээ хийх шаардлагатай бөгөөд лабораторийн бус орчинд шинжилгээ хийвэл мэдрэг чанар нь буурдаг. Тиймээс алдаа гаргах эрсдэл ихэсдэг аж.
Энэ аргыг лабораторийн шинжилгээ хийх чадавхтай, сайн лабораториудтай цөөн оронд л хэрэглэжээ.