Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг өнөөдөр /2021.06.07/ зохион байгуулахаар болсон. Уламжлалт ёсоор мэтгэлцээнийг Монголын Үндэсний олон нийтийн радио телевизээр /МҮОНРТ/ 17.30 цагт шууд дамжуулах юм. Ингэхдээ халз мэтгэлцээн нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалах, Гадаад бодлого, Шүүх засаглал, эдийн засаг болон нийгмийн харилцаа гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэх бөгөөд нийт хоёр цаг 30 минут үргэлжлүүлэхээр тооцжээ. Гэвч орон нутагт сонгуулийн сурталчилгаагаа хийх явцад “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат болон түүний эхнэр Covid-19 халдвар авсан болох нь батлагдаж Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Түүний хувьд мэтгэлцээнийг цахимаар явуулах санал гаргасан.
МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатар болон холбогдох албан тушаалтнууд өчигдөр /2021.06.06/ гурван нэр дэвшигчийн сонгуулийн ерөнхий менежерүүдтэй уулзаж мэтгэлцээнийг хэрхэн хийх талаар ярилцсан ч тодорхой шийдвэрт хүрч чадаагүй аж.
Тиймээс өнөөдөр дахин уулзаж мэтгэлцээнийг хэрхэн хийх талаар ярилцаж, эцсийн шийдвэрийг гаргах юм байна.
Энэ талаар МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатараас тодруулахад “Мэтгэлцээнийг хэрхэн явуулах талаар байж болох бүх хувилбарыг ярилцаж байна. Өнөөдөр намын төлөөллүүдтэй дахин уулзаж, эцсийн шийдвэрийг гаргана. Мэтгэлцээн хөтлөх сэтгүүлчдийг тухайн цаг үед нь мэдээлнэ. Түүнээс өмнө хэлэх боломжгүй” гэх хариултыг өглөө.
Сонгуулийн халз мэтгэлцээн нь нийт сонгогчиддоо мөрийн хөтөлбөр болон бодлого, үйл ажиллагаагаа таниулах маш өргөн боломж юм. Тийм ч учраас олон улсын жишигт халз мэтгэлцээнд ихээхэн ач холбогдол өгдөг төдийгүй тухайн нэр дэвшигчийн сонгогдох эсэхэд нөлөөлдөг томоохон үйл явц гэж үздэг.
Дашрамд дурдахад, 1993 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч П.Очирбат, Л.Түдэв нарийн хооронд анх удаа халз мэтгэлцээн зохион байгуулж байжээ. Үүнээс хойш өнөөг хүртэл халз мэтгэлцээн зохион байгуулж ирсэн. Гэвч барууны орнуудтай харьцуулахад зөөлөн өнгө аяс ажиглагдахын зэрэгцээ урьдаас бэлтгэгдсэн асуултуудад ээлж дарааллан хариулах замаар нэгэн хэвийн болж өнгөрдөг гэсэн шүүмжлэл дагуулдаг. Хэдий тийм боловч Монголын сонгогчид халз мэтгэлцээнийг чухалд тооцдог билээ.