Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр (иений хөнгөлөлттэй зээл) барьж байгуулсан “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 2021 оны долдугаар сарын 4-ний өдөр ашиглалтад орж, нээлтийн ажиллагаагаа хийхээр төлөвлөж байгаа бөгөөд анхны нислэгийг Улаанбаатар-Токиогийн чиглэлд МИАТ ХК үйлдэх юм.
Өнөөг хүртэл гадаад, дотоодын олон зорчигчдод үйлчилгээ үзүүлж ирсэн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал нь 1957 онд ашиглалтад орсноос хойш Монгол Улсын хөгжлийг даган өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд нислэгийн зурвасын хучилтын ажил, өргөтгөл засваруудыг хийж ирсэн билээ.
Гэсэн хэдий ч тус нисэх буудал нь урд ба зүүн талаараа уул толгодоор хүрээлэгдсэн, зөвхөн баруун хойд талаасаа нислэг үйлдэх боломжтой зэрэг газар зүйн байршил нь хязгаарлагдмал цаг уурын нөхцөл нь онгоцны хөөрөх ба буух үйлдлүүдийг хязгаарлаж нислэг хойшлох, саатах, цуцлах асуудал байнга гардаг тул нислэгийн найдвартай, аюулгүй байдлыг сайжруулах шаардлага үүсээд байсан юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд, Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд олон улсын жишигт нийцсэн, Японы дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн шинэ нисэх буудлыг нийслэл Улаанбаатар хотоос өмнө зүгт 50 км, Төв аймгийн нутаг дэвсгэрт барьж байгуулсан.
Шинэ нисэх буудлын товч танилцуулга:
- Нийт санхүүжилт: 65 тэрбум 657 мянга иен
- Төсөл хэрэгжсэн хугацаа: 2003.06(эхлэлт) 2020.07(дуусалт)
- Зорчигч үйлчилгээний терминалын барилгын талбайн хэмжээ: 35,300 м2 (жилд 2 сая зорчигч хүлээн авах боломжтой)
- Хөөрч буух зурвас: 3,600м урт, 45м өргөн, нэг зурвас
- Перрон: 104,200 м.кв
- Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, шатахуун хангамжийн гидрант системийн байгууламж, ангарын барилга, засвар арчлалтын тоног төхөөрөмжүүд, гал унтраах, авран хамгаалах албаны барилга, дулаан хангамжийн барилга байгууламж, нисэх буудлын аюулгүй ажиллагааг хангах бусад байгууламжууд
- Төслийн зөвлөх: “Азүса СэккэйХК Ориентал Консалтанс Глобал ХК” түншлэл
- Ерөнхий гүйцэтгэгч: “Мицүбиши ХК-Чиёода ХК” түншлэл
Нислэг үйлдэх авиа компаниуд:
- MИАТ ТӨХК
- Aero Mongolia
- Hunnu Air
- Eznis Airways LLC
- Air China
- Aeroflot
- Turkish Airlines
- Korean Air
- Asiana Airlines
- Air Busan
- SCAT Airlines
- Angara Airlines.
Япон Улсын Засгийн газар нь энэхүү бүтээн байгуулалтын төслөөс гадна “ЖАЙКА”-ийн техникийн хамтын ажиллагааны төслөөр нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах, нислэгийн зурвасын ашиглалт засвар үйлчилгээ, шатахуун хангамжийн ашиглалт засвар үйлчилгээ, үнэ тариф тогтоох болон түрээсийн менежмент, зорчигчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа, нисэх буудлын нүүлгэн шилжүүлэлт зэрэг Японы холбогдох байгууллага, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр “All Japan” хамтын ажиллагааг хэрэгжүүлсэн.
“ЖАЙКА”-аас шинэ нисэх буудлын менежментийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлснээр Монгол Улсад анх удаа нисэх буудлын менежментийг хувийн хэвшил хариуцахаар болж, Япон компаниудын түншлэл болон Монголын төрийн өмчит компани хамтарсан “Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” ХХК Монгол Улсын Засгийн газартай концессийн гэрээ байгуулан менежментийг хийх болсон.
Шинэ нисэх буудал нь Япон, Монгол хоёр орны хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болж, аюулгүй ажиллагааг хангаж ажиллахын зэрэгцээ аялал жуулчлал, ачаа тээвэр, нисэх буудал орчмын хөгжил зэрэг Монгол Улсын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэж Японы ЭСЯ-наас мэдээллээ.