ХӨСҮТ-ийн өгч буй мэдээллээр сүүлийн үед Covid-19 халдварын онош батлагдсан даруйд тухайн өдрөө нас барах тохиолдол гарч байгаа аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгальмаагаас тодруулахад “ХӨСҮТ-ийн лабораторит нийслэлд хийгдэж буй PCR шинжилгээний 30 орчим хувийг хийж байна. Хувиар нь авч үзвэл бага боловч тооны хувьд өндөр байгаа. Ойрын хавьтлуудын болон эерэг гарсан хүмүүсийн шинжилгээг авч байгаа юм. Хоногт дунджаар 450 орчим сорьцод шинжилгээ хийхдээ эерэг гарах магадлалтайг задалж шинжилж байгаа тул ачаалал хамгийн их байгаа. Жишээ нь, ХӨСҮТ-д хийгдэж буй эерэг эзлэх хувийн шинжилгээ 15 хувийг эзэлж байхад бусад дүүргүүдийн лабораторит 1-12 хувь байгаа юм.
Сүүлийн үед богино хугацаанд өвчлөл хүндэрч, нас баралт бүртгэгдэж байна. Өмнө нь халдварын онош батлагдсан хүмүүс тодорхой хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа биеийн байдал нь хүндэрч нас барсан тохиолдлууд бүртгэгдэж байсан. Харин одоо онош нь батлагдаж эмнэлэгт ирэхдээ 24 цаг болохгүй нас барах тохиолдол бүртгэгдэж байна.
Covid-19 халдвараар нас барсан хүмүүсийн 27.8 хувь нь эмнэлэгт 24 цаг бололгүй өвчний хүндрэлээр амиа алдсан гэх үзүүлэлт байна. Энэ хувь сүүлийн үед нэмэгдэж байгаа. Өвчлөл богино хугацаанд хүндрэх хандлагата байна. Зарим хүмүүс PCR шинжилгээ өгсөн байхдаа гэртээ нас барсан, дараа нь шинжилгээний хариу нь гарах тохиолдол байна. Нас баралтыг бууруулах, урьдчилан сэргийлэхийн тулд эрсдэлтэй хүн амын дунд тандалт явуулж байна” гэлээ.