Олимпийн наадамд оролцсон Монголын жүдо, бокс, буудлага, байт, хүндийг өргөлтийн тамирчид бүхий нийт 40 хүн эх орондоо ирж, тэдэнтэй зөрөөд Монголын марафон гүйлтийн тамирчид Токиог зорилоо. Бөмбөрцөгийн дэвжээн дээр эх орныхоо нэрийг дуурсгаж, олимпийн тэмцээнд амжилттай оролцоод ирсэн тамирчилд, дасгалжуулагчдын сэтгэгдлийг хүргэж байна.
ОЛИМПИЙН МӨНГӨН МЕДАЛЬТ САИД МОЛЛАЕЙ:
-Олимпийн наадам гайхалтай байлаа. Үнэхээр баяртай байна. Олон монголчууд энд цугласан байна. Бүгд баяртай байгаа байх гэж найдаж байна. Энэ медаль Монголын ард түмнийх. Мөн миний анхны олимпийн медаль. Энэ медаль монголчуудад барьж буй хамгийн том бэлэг гэж бодож байна. Намайг Монголын Саид Моллаей гэж дуудсанд баяртай байгаа. Өмнө нь би өөр улсын төлөө барилддаг байсан бол одоо Монголын төлөө барилдаж байна. Би одоо Монгол хүн шүү дээ. Би өмнөхөө мартсан. Одоо байгаа нь л чухал. Үнэхээр баяртай байна. Та бүхэнд баярлалаа. Надад маш их тусалж байгаа багш нар, найзууд, өсвөр үе, залуучууддаа баярлалаа.
Гэр бүлтэйгээ ярьсан. Тэднийг Монголд ирэх эсэхийг би мэдэхгүй байна. Ирж ч магадгүй, ирэхгүй байж ч магадгүй.
Одоо би амармаар байна. Түүний дараа дахиад бүгдийг шинээр эхэлнэ дээ. Дараагийн олимпдоо бэлдэнэ. Би дараагийн олимпоос алтан медаль авна гэж амалж байна. Одоохондоо мөнгөн медаль болно. Х.Баттулга ерөнхийлөгч заавал алтан медаль аваарай гэж хэлсэн. Тиймээс алтан медалийн төлөөх дайралтандаа бэлдэнэ. Би одоо Монголд хэсэг хугацаанд байж, амарна. Энд би их олон найзтай.
Би Монгол нэрээ мэднэ. Молом гэсэн. Энэ нэр сайхан нэр байна. Намайг Молом гэж дуудаж буй монголчууддаа баярлалаа. Монголчууддаа хандаж хэлэхэд та нарынхаа сайхан энерги, намайг дэмжиж буйд баярлалаа.
САИД МОЛЛАЕЙН ДАСГАЛЖУУЛАГЧ МОХАММЕД МАНСУРИ
-Олимпийн наадамд Монголын баг тамирчид сайн үр дүнтэй оролцлоо гэж бодож байна. Одоогоор хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртээд байна. Миний хувьд ч сайхан олимп боллоо. Шавь минь Монголын өмнөөс барилдаж, олимпийн анхны медалиа хүртлээ. Монголын бүх ард түмэнд баярлалаа гэж хэлье. Энэ медаль Монголын бүх ард түмэнд зориулагдсан юм шүү. Саид бид хоёрыг бэлтгэл бааз, Гранд Слам, тив дэлхийн тэмцээнүүдэд үргэлж дэмждэг та бүхэндээ баярлалаа. Ц.Цогтбаатар бол авьяаслаг бөх. Би үргэлж түүний авьяасын талаар ярьдаг. Олимпийн үеэр хөлөндөө бага зэрэг гэмтэлтэй байсан ч сайн барилдсан. Би түүнд олимпоос медаль авч чадна гэдгийг нь хэлж байсан. Магадгүй дараагийн удаа тэр Шохэй Оног ялах байх. Түүний техник гоё.
М.Уранцэцэг бол гайхалтай тамирчин. Тэмцээн уралдаан бүрт амжилт үзүүлдэг. Одоо олимпийн медальтан боллоо. Тэр бол тэмцэгч. Техниктэй. Олимпийн өмнө тэр бэлтгэлээ сайн хийсэн. Хүмүүс унтаж байхад тэр л бэлтгэлээ хийж байсан. Одоо ингээд медаль аваад зогсож байна. Шаргуу бэлтгэл сайн үр дүн авчирна.
Эх сурвалж news.mn