Энэтхэгийн Ражаштан мужид өнгөрсөн долоо хоногт будилаангүй шударга шалгалт зохион байгуулахын төлөө 25 сая хүний интернэтийг засгийн газрын тушаалаар тасалжээ.
Тухайлбал, Ражаштан мужийн хэдэн зуун мянган иргэн багшлах эрх авахаар есдүгээр сарын 26-нд шалгалт өгчээ. Уг шалгалтад тэнцсэн хүмүүс улсын дунд сургуулиудад ажиллах боломжтой болох юм.
Иргэдийн хувьд энэ бол ажилгүйдлээс гарах, амьдралаа дээшлүүлэх чухал боломж. Гэвч тус мужид багшийн шалгалт 2018 оноос хойш зохион байгуулагдаагүй байсан юм. Тиймээс ч энэ онд шалгалт өгөх хүний тоо өмнөхөөс хэд дахин олон болжээ.
Шалгалтад зориулж засгийн газар үнэгүй нийтийн тээвэр явуулж, хэдэн мянган шалгалтын байр бэлдсэн байна. Гэвч шалгалтын материал задарч, хуулах гэдэг том асуудал тулгардаг. Тиймээс засгийн газар элдэв будилаан үүсгэхгүй, шударга шалгалт зохион байгуулж, аливаа мэдээлэл задрахгүй байхаас сэргийлж мужийн 10 дүүрэгт интернэт сүлжээг тасалсан гэнэ.
Түүнчлэн шалгалтын материалыг хэвлэхээс эхлээд шалгуулагчдын ширээнд очих хүртэл хатуу хяналт тогтоож, материал задруулсан ажилтанд хатуу хариуцлага тооцохоор журамласан аж. Хэдий интернэт сүлжээг таслах нь банк, тээвэр, үйлдвэрлэл зэрэг олон салбарын үйл ажиллагааг доголдуулдаг ч сүүлийн жилүүдэд шалгалтын будилаантай холбоотой олон асуудал үүссээр байгаа учир үүнээс өөр арга үгүй гэж эрх баригч нар үзжээ.
Гэхдээ энэ бол Ражаштан муж анх удаа интернэт сүлжээгээ тасалсан үйл явдал биш юм. Өмнө нь 2018 онд цагдаагийн шалгалт болох үеэр эрх баригч нар мөн ижил зорилгоор арга хэмжээ авч, интернэт сүлжээг нэг өдрийн турш тасалж байв.
Эх сурвалж: CNN