Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол бөхийн өргөөнд маргаашаас эхлэн дөрвөн өдөр дараалан үндэсний бөхийн барилдаан болно.
Тодруулбал, маргааш сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг зохион байгуулна. Харин 15-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Б.Баттогтохын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болох юм.
Тэгвэл 16-нд бөх сонирхогчид, үзэгчдийн хүсэн хүлээсэн шилдэг 14 бөх хоёр багт хуваагдан өрсөлдөх “Бүх оддын барилдаан”-тай.
Түүнчлэн ням гарагт Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Цэргийн төв хэвлэл “Соёмбо” сонины 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.